Monday, April 4, 2016

Монгол хэлний үечлэл

Монгол хэлний үечлэл
Өвөг монгол хэл
Өвөг алтайн хэлнээс монгол хэл биеэ даан салбарлан гарсан тэр цагаас аваад Эртний монгол хэл хүртлэх үеийн хэлний хэвшлийг бүхэлд нь Өвөг монгол хэл-ний үед хамааруулан үзнэ. Тухайн үеийнх нь хэлний онцлог шинжийг тусгасан ганц бичгийн дурсгал уламжлан үлдээгүй монгол хэлний хөгжлийн хамгийн бүрхэг бүдэг энэ үеийг нийтэд нь нэгэн үе болгон үзэхээс өөр боломж монгол хэлшинжлэлийн өнөөгийн төвшинд алга байна. Орчин үеийн монгол хэл аялгуунуудын дээд өвөг болсон тэрхүү өвөг хэл ерөнхий хэв шинжийнхээ хувьд харьцангуй төстэй боловч өөр хоорондоо төдий л нэгдмэл бус аялгуунуудаас бүрдэж байсан гэж үзэж болно.
Бид өвөг монгол хэлний үндсэн онцолг шинжийг тогтоохдоо нэг талаас,алтайн язгуурын төрөл хэлнүүд,нөгөө талаас, монгол хэлний хөгжлийн харьцангуй эрт үеийн онцлог шинжийг тусгасанбичгийн дурсгалууд болон хэл аялгууны материалыг түүхэн харьцуулсан хэлшинжлэлийн аргаар сэргээн тогтоох боломжтой бөгөөд эрдэмтэн судлаачид ч тэр үеийн хэлний үндсэн шинжүүдийг баримжаалан тогтоох оролдлогыгтасралтгүй хийсээр иржээ.
Өвөг монгол хэлний авианы тогтолцооны зарим гол онцлог шинжээс тухайлан дурлвал,хэлэгдэх хүчдэл(эр,эм)-ээрээ бие биетэгээ эсрэгцэлдсэн найман үндсэн богино эгшигтэй байснаас гадна урт, хос эгшигт огт үүсээүй, нэгэн үгийг доторх эгшгүүд нь өөр хоорондоо харилцан ижилсээгүй, орчин үеийн цагийн монгол хэлэнд эгшгээр эхэлж байсан зэргийг дурдаж болно.
Эртний монгол хэл
Барагцаалбал, XI-XII зуунаас урагш өвөг монгол хэлний сүүлч хүртлэх үеийг Эртний монгол хэл-ний үед хамааруулан үзэж байна. Эртний монгол хэлний онцолг шинжийг бүхэлд нь тусгасан бичгийн дурсгал үлдээгүй боловч XIII-XIV зууны үеэс уламжлан ирсэн хөшөө чулууны бичээс,ном бичгийн дурсгалуудаас эртний монгол хэлний сүүлч үеийн онцлог шинжийг бараг төлөв тодорхойлон гаргаж болно. Хэрэв эдүгээ бидний үед уламжлан үлдсэн хятан бичгийн дурсгалуудыг уншин тайлж чадваас эртний монгол хэлний онцлог шинжийн талаар улам тодорхой мэдэх боломжтой болохсон билээ. Эртний монгол хэл хийгээд түүнд багтаж байсан олон аялгуунууд нь хэдийгээр өөр хоорондоо ялгаатай байсан ч гэсэн тэдгээрийн нийтлэг шинж нь давамгайлах байдалтай байжээ. Эртний монгол хэлний үед эгшгийн бүрэлдэхүүн долоо болсны дээр урт эгшиг болон үгийн эцсийн хос эгшиг үүсч, өвөг монгол хэлний үгийн эхний шүргэх *f-гийгүлэгч сулран, уруулын шинжээ алдаж, ерийн шүргэх *x-болсон байна. Эртний монгол хэлний онцлог шинжийг бүхэлд нь хамарсан бичгийн дурсгал байхгүй боловч XIII-XIV зууны үеэс уламжлан үлдсэн уйгуржин монгол бичгийн дурсгалууд нь хэдийгээр бүтээгдсэн цаг үеийнхээ хувьд дундад үеийн монгол хэлний үед холбогдох боловч хэлнийхээ шинжээр эртний монгол хэлний сүүлч үеийн онцлогийг тусгаж байна. Эртний монгол хэлний онцлог нь тусгасан бичгийн дурсгалуудыг бүтээгдсэн шинжээр нь:
1. Хөшөөн чулууны бичээс,
2.Гар бичмэл ном зохиол,
3.Пайз,тамганы бичиг хэмээн 4 зүйл болгон хувааж болно.
А. Хөшөө чулуу, ханын бичээс.Сонгодог бичгийн өмнөх үеийн монгол бичгийн дурсгалуудын дотор хөшөө чулууны бичээс чухал байр эзэлдэг бөгөөд XIII зууны тэргүүн хагасаас XIV зууны хоёрдугаар хагасы хооронд бүтээгдсэн арав гаруй бичээс бий. Тэдгээр  бичээсүүдийн зарим нь Санкт Петербург, Улаанбаатарын музейнүүдэд, олонхи нь БНХАУ-ын ӨвөрМонгол, Ганьсу,Юнань мужуудад хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийн хамгийн бага нь арав гаруй үгтэй,хамгийн том нь мянга таван зуу гаруй үгтэй.Мөн хятадын Гансьу муж дахь Дунхуаны агуйн хананд гуч шахам бичээс, Өвөр Монголын Их Зуу аймаг дахь Аржайн агуйн хананд тавь гаруй бичээс бий бөгөөд тэдгээр нь сонгодог бичгийн өмнөх монгол бичгийн ховор нандин дурсгалын тоо зүй ёсоор орно.
Б. Ном бичгийн дурсгал. Сонгодог бичгийн өмнөх монгол хэлний дурсгалуудын дотор ном бичгийн дурсгал томоохон байрыг эзлэх бөгөөд шашны сургаал номлол,иргэний уянгын магтаал дууллууд хийгээд зарлиг тушаал,захидал бичиг зэрэг зуу гаруй дурсгал эдүгээУлаанбаатар, Бээжин, Токио, Киото, Москва, Санкт  Петербург, Берлин, Маинц, Марбург, Парис, Лондон, Ватикан, Будафешт, Тегеран, Истанбул зэрэг томоохон хотуудын номын сан, архив, музейнүүдэд хадгалагдаж байна. Ном бичгийн дурсгалуудыг дотор хэдхэн мөр бичигтэй тасархай хуудаснаас аваад хэдэн зуун мөртэй томоохон дурсгалууд ч бий. Ном бичгийн дурсгалуудыг дотор нь барын ном, гар бичмэл хэмээн хоёр зүйл болгон ангилж болно.
В. Гэрэгэ бичиг, тамга. Сонгодог бичгийн өмнөх монгол бичгийн өмнөх монгол бичгийн дурсгалуудын дотор хаадын элч нарт олгож байсан хэд хэдэн гэрэгэ бичиг, зарим нэг тамга буй бөгөөд тэдгээр нь эдүгээ Ватикан, Москва, Санкт Петербург, Бээжин, Ром хотуудын музейд хадгалагдаж байна. Гэрэгэ бичиг гэдэг нь алс газар илгээсэн хаадын элч нарт олгож байсан алт,мөнгө сийлбэр бүхий зам нэвтрэх үнэмлэх бөгөөд дээр нь элчийг саадгүй нэвтрүүлэхийг хатуу анхааруулсан цөөн үгтэй бичиг  сийлсэн байдаг байна.
Эртний монгол хэлний онцлог шинжийг хадгалсан монгол бичгийн дурсгалуудыг судлах ажил бүр XIX зууны тэргүүн хагасаас эхэлжээ.АнхЧингисийн чулууны бичээсАбдуллагийн гэрэгэ зэрэг бичгийн дурсгал орос нутгаас олдсоныг эрдэмтэд эхлэн судалсан бөгөөд өнгөрсөн зуун гарсаар олон шинэ дурсгалууд олдож, тэдгээр дурсгалууд олдож, тэдгээр дурсгалуудын талаар олон орны эрдэмтдийн судалгааны бүтээлүүд нийтлэгджээ. Тухайлбал, Ил-хаадын захидлуудын талаар И.А.Клюкин, В.Котвич, Э.Хэниш, А.Мостер, Ф.В.Кливез нар, Субашид-ын талаар Л.Лигети, Ж.Бостон, Бурхан багшийн арван хоёр зохионгуй-н талаар Л.Лигети, Н.Поппе нар, XIV зууны хятад-монгол бичээсүүдийн талаар Ф.В.Кливез, Г.Кара нар, Тахимдуу ном-ын Х.Лувсанбалдан, Л.Лигети, Ф.В.Кливез, И де Рахевилц нар, Турфаны монгол дурсгалуудын талаар Э.Хэниш, Ф.В.Кливез, Х.Франке, Н.Поппе, Д.Цэрэнсодном, М.Таубе, Г.Кара, М.Вайерс нар, Дунхуан, Аржайн агуйн бичээсүүдийн талаар Хас-эрдэнэ, Данзан, Бүрэнбат, Батжаргал, С.Гарьд нарын судалгаанууд гарчээ.
Дундад үеийн монгол хэл
Барагцаалбал, XI-XII зууны үеэс XV-XVI зуун хүртлэх үеийг Дундад үеийн монгол хэл-ний үед хамааруулан үзнэ.Энэ үеийн монгол хэлний онцлог шинжийг хятад,дөрвөлжин,араб үсгээр тэмдэглэгдсэн монгол хэлний дурсгалуудаас тодорхой мэдэж болно. Үүнд:
А. Хятад ханз үсгээр тэмдэглэсэн монгол хэлний дурсгалууд.
XIII-XIV зууны үед Юан гүрний ноёрхлын Төв Азид монголчуудын хүч нөлөө давамгайлж байсан тэр үе монгол хэлийг сурч судлах, монгол хэлээр харилцах бодит шаардлага тулгарсан тул хятадын эрдэмтэд, бичгийн хүмүүсээс монгол хэлээр бичсэн түүх шаштир,ном зохиолуудаас хятад ханз үсгээр хялбарчилан тэмдэглэсэн гарын авалга,үгсийн утгаын зүйл хуваасан их бага толь бичгүүд олон гарчээ. Тэдгээрийн дотроос эдүгээ бидний үед уламжлан үлдсэн нь нэн цөөн бөгөөд хамгийн том нь Монголын нууц товчоо хэмээн алдаршсан хааны ордны түүхэн сурвалж бичиг юм.Туульсын хэлбэр бүхий уран найраг шигтгэн үргэлжилсэн үгээр найруулан бичсэн тэрхүү алдарт зохиол анх монгол бичгээр гарсан нь маргаангүй бөгөөд хожим Юан улсын үед түүнийг дөрвөлжин үсгээр буулгаж,улмаар түүнээс хятад ханз үсгээр дам буулгасан нь эдүгээ уласжлан үлдсэн гэж үзэж болно. Хятад ханз үсгээр бичсэн Монголын нууц товчоо-ны эх бичгийг уншин судлах талаар германы монголч Н.Хэниш,оросын эрдэмтэн С.А.Козин, францын нэрт монголч П.Пелльо, японы эрдэмтэн К.Ширатори, Ш.Озава, Унгарын Л.Лигети, австралийн эрдэмтэн И де Рахевилц, монголын эрдэмтэн Ц.Дамидансүрэн, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном нарын томоохон бүтээлүүд гарсан билээ. Мөн уул зохиолын хэлний онцлог шинжийн талаар америкийн эрдэмтэн Ж.Стрит, японы нэрт монголч Ш.Озава нарын дорвитой бүтээлүүд нийтлэгджээ. Монголын нууц товчоо-ноос гадна үргэлжилсэн үгээр тэмдэглэсэн өөр нэгэн дурсгал бол эдүгээ Хятад-Монголын харилцааны бичиг хэмээн нэрлэгдэх болсон арван хоёр захидал бичигболно. Мөн Юан улсын сүүлч, Мин улсын эхэн үеэс уламжлан үлдсэн Хуа-й й-юү, Да-тан куан й-юүЛоу-лон сай-лио, Жин юан й-юү, Дентан бижу зэрэг хятад монгол толиуд үлдсэн нь дундад үеийн монгол хэлний судлалд үнэлж баршгүй чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Дээр дурдсан толиудын талаар М.Левицкий, Э.Хэниш, АМостер, Л.Лигети, Г.Кара, Ө.Мандах нарын судалгааны бүтээлүүд гарсан билээ.
Б. Дөрвөлжин үсгээр тэмдэглэсэн монгол хэлний дурсгалууд.
Юан гүрний их эзэн хаан Хубилай төвдийн эрдэмтэн Пагба лам Лодойжалцанг урин залж монгол, хятад, төвд, самгард хэлний үгийг адил тэгш тэмдэглэж чадах Дөрвөлжин үсэг-ийг зохиолгож, улмаар 1269 онд түүнийг төрийн бичиг болгон тунхаглаж, түүгээр түүх шастир, төр ёс, хууль цаазын холбогдолтой өдий төдий ном бичиг хэвлэн гаргажээ.Эдүгээ тэдгээрээс жар орчим дурсгал уламжлан үлдсэн бөгөөд тэдгээрийг уншин судлах нь дундад үеийн монгол хэлний онцлог шинжийг түүхэн үүднээс судлахад үнэтэй чухал материал болж байна,
Хөшөө чулууны бичээс. Дөрвөлжин үсгийн дурсгалуудын зонхилох хувь нь хөшөө чулууны бичээс бага ч одогоор дөч орчим дурсгал олоод байна. Тэдгээр бичээсний олонхи нь Хубилай, Буянт, Есөнтөмөр, Тогоонтөмөр нарын зэрэг юан гүрний үеийн их хаадын зарлиг байгаа билээ. Юан гүрний үеийн хаадын зарлиг нь уулаас тогтсон тусгай загвартай байсан учир ихэнхи дурсгалуудын зохиомж, үгсийн бүрэлдэхүүн нь бараг төлөв адил байна.
Харин бурхны шашны сургаалийн чанартай хоёр томоохон бичээс уламжлан үлдсэн нь үг хэллэг, хэл найруулагынхаа талаар бусад дурсгалуудаасаа өвөрмөц шинжтэй байна.
Ном бичгийн дурсгал. Дөрвөлжин үсгээр тэмдэглэсэн ном зохиол олон гарсан нь магадтай боловч эдүгээ тэдгээрээс дөнгөж арав орчим тасархай хуудас үлджээ. Тэдгээр дурсгал нь тооны хувьд хэдий цөөн боловч дундад үеийн монгол хэлний онцлогт шинжийг нэхэн судлахад үнэтэй чухал баримт болж байна.
Гэрэгэ бичиг. Монголын их хаад харь газар элч илгээхдээ тэднийг зам зуурт нь саад тотгоргүй нэвтрүүлэн өнгөрүүлэхийг сануулсан алт, мөнгөн гэрэгэ бичиг олгодог байсан бөгөөд эдүгээ дөрвөлжин үсгээр бичсэн цөөн тооны гэрэгэ олдоод байна.
Монгол дөрвөлжин бичгийн дурсгалуудыг уншин судлах ажил бүр XIX зууны дунд үеэс эхэлсэн бөгөөд анх удаа оросын эрдэмтэд, хожим нь франц, германы эрдэмтэд үргэлжлүүлэн судалжээ. XX зууны тэргүүн хагасаас эхлэн монгол дөрвөлжин үсгийн дурсгалуудыг эмхтгэн судалах талаар М.Левицоий, Э.Хэниш, Н.Поппе, Л.Лигети нарын бүтээлүүд удаа дараалан гарсан бөгөөд сүүлийн үед проф. Зууннаст урьд гараагүй олон дурсгалыг багтаасан томоохон бүтээл нийтлүүлсэн нь зөвхөн дөрвөлжин үсгийн судлал төдийгүй дундад үеийн монгол хэлний судлалд дорвитой хувь нэмэр боллоо.
В. Араб үсгээр тэмдэглэсэн монгол хэлний дурсгалууд.
Монголын нэгдсэн гүрэн болон Чингис хааны залгамжлагчдын үеийн монголчуудын хэл соёл нь эртний соёлт персүүдийн анхаарлыг ихээхэн татаж,янз бүрийн хэмжээтэй перс-монгол,монгол перс,араб-монгол толь бичиг олон гарсан бөгөөд тэдгээрийн зарим нь эдүгээ уламжлан үлджээ.Тэдгээрийн толиудын доторхи монгол хэлний үг хэллэгийг араб үсгээр тэмдэглэсэн бөгөөд түүнд туссан хэлний шинж нь XIV-XV зууны үеийн монгол хэлний онцлогийг тодорхой тусгасан байна.Араб үсгээр тэмдэглэсэн монгол хэлний дурсгалууд хийгээд тэдгээрийн судалгааны тоймыг товч дурдъя.
Мукаддимат ал-Адаб толийн монгол хадмал орчуулга.XII зууны үед Хорезмийн нэрт эрдэмтэн Абул-Касим Махмуд бин Омар ал-Замахшари (1075-1144) гэдэг хүн Мукаддимат ал-Адаб хэмээх араб-перс хэлний зүйл хуваасан толийг зохиожээ.Хожимын эрдэмтэд уул толийн ард түрэг,монгол хадмал орчуулгыг нэмэн оруулж,дөрвөн хэлний толь болгосон нь эдүгээ уламжлан үлджээ. Мукаддимат ал-Адаб толийн монгол хадмал орчуулга нь бүгд 3500 орчим толгой үгтэй бөгөөд дотроо холбоо үг, хэлц хэллэг,хураангуй өгүүлбэрийн олон сонирхолтой жишээг багтаажээ.Энэхүү дурсгал нь үгийн тоо хэмжээгээрээ, эдүгээбидний үед уламжлан үлдсэн арабү үсгийн монгол дурсгалуудын дотроос хамгийн том нь төдийгүй авиазүй, хэлзүй, үгсийн сангийн шинжээрээ хамгийн баялаг дурсгал юм. Проф.Н.Поппе Бухарын номын санд хадгалагдаж байсан уул толийн бүх үсгийг латин үсгийн дараалалд оруулан толгойлж, үг тус бүрийг латин галигаар буулгаж, авиазүй, хэлзүйн онцлог шинжүүдийг тодорхой жишээгээр гаргасан нь монгол хэлний түүхэн судлалд дорвитой хувь нэмэр болсон билээ. Саяхан японы эрдэмтэн Ёшио Сайто энэхүү толийн бүх үгсийг шинэчлэн галиглаж,үгсийн давтамжийг комьпютераар тооцоолон гаргажээ.
Ибн-Муханны толинд орсон монгол үгс.XIV зууны эхэн үеэр Ибн ал-Муханн хэмээх перс эрдэмтний зохиосон перс-монгол толь нь эдүгээ Ибн-Муханны толь хэмээн алдаршсан билээ. Эдүгээ энэхүү толийн гурван өөр хувилбар уламжлан үлдсэн бөгөөд тус бүрдээ найман зуу гаруй үгтэй тэдгээр хувилбаруудын талаар оросны эрдэмтэн П.М.Мелиоранский, Н.Поппе, германы эрдэмтэн М.Вайерс нар судалсан билээ.
Лейдений гар бичмэл толь.Холланд улсын Лейден хотын номын санд 240 гаруй үгтэй монгол-перс толь, 400 орчим үгтэй араб-монгол толь хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг 1243оны үед зохиогдсон гэж эрдэмтэд үзэж байна.Дундад үеийн монгол хэлний судлалд нэн чухал ач холбогдолтой уул толийн хэлний онцлог шинжийн талаар проф. Н.Поппе анх судалсан бөгөөд саяхан японы монголч эрдэмтэн Ё.Сайт уул толийн үсгийн болон дуудлагын галигийг шинэчлэн хийж, гэрэл зургийн эхийн хамт нийтлүүллээ.
Истанбулын монгол толь. Барагцаалбал,XV зууны эцэс,XVI зууны эхээр Имад ал-Карахисари хэмээгчийн зохиосон Шамил үл-луга хэмээх түрэг-перс толийн ард турк, монгол орчуулгыг нэмэн хийсэн дөрвөн хэлний бэсрэгхэн толь эдүгээ Истанбулын номын санд хадгалагдаж байна. Энэхүү толийн доторхи 400 орчим монгол үгсийг унгарын эрдэмтэн акад. Л.Лигети дундад үеийн монгол хэлний бусад дурсгалуудтай харьцуулан судалжээ.
Хамдуллаха Казвины толинд орсон монгол үгс. XIV зууны персийн түүх ч Хамдуллаха Казвины Зүрхний гэрэлхэмээх бүтээлд байгаа ан амьтны нэрсийн доор дөчөөд монгол нэр байгаа нь дундад үеийн монгол хэлний үгсийн сан, үгийн бүтцийг тусгасан сонирхолтой материал юм. Энэ талаар оросын эрдэмтэн Н.Поппе, францын эрдэмтэн П.Пелльо нар судалжээ.
Эвилия Челебийн толинд орсон монгол үгс. XVII зууны сүүлчээр Османы зохиолч Эвлия Челеби хэмээгч умард Кавказ дахь Дагестаны Кайтакчуудын үг хэллэгийг тэмдэглэсэн хураангуй толь эмхтгэсэн бөгөөд түүнд их төлөв ан амьтны нэр голлосон дөч орчим монгол гаралтай үг байсныг П.Пелльо судлан тусгай үгүүлэл нийтлүүлжээ.
Зирни-ийн гар бичмэл. 1950-иад оны дундуур японы нэрт монголч эрдэмтэн Шиобу Ивамурагийн удирдсан хээрийн судалгааны анги Афганистанаас араб үсгээр тэмдэглэсэн 40 нүүр гар бичмэл толийг олж, улмаар түүнээс 360 гаруй монгол үгийг түүвэрлэн авч, араб, хятад үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний дурсгалууд болон орчин үеийн монгол хэл аялгууны материалуудтай харьцуулсан сонирхолтой судалгааг нийтлүүлсэн билээ.
Расулидын толь. XIV-XV зууны үед Расулидын ван аL-malik al-afdal al-Abbas b.a=Ali (1363-1377) гэдэг зохиосон зургаанхэлний толь эдүгээ Йимен улсын Аден хотноо хувийн нэгэн эзэмшилд хадгалагдаж байна. Уг толь нь араб, перс, түрэг, грек, армян, монгол хэлний үгсийг багтаасан бөгөөд түүнийг судлах ажил бүр өнгөрсөн зууны жараад оны үеэс Америкийн Колумбийн их сургуульд эхэлжээ.Уг толийн доторхи монгол үсгийг проф. Л.Лигети эхлэн судалсан бөгөөд хожим түүнийг доктор Г.Кара үргэлжлүүлэн судалжээ.
Дээр дурдсан бичгийн дурсгалуудын хэлийг өөр хооронд ны харьцуулан үзвэл, дундад үеийн монгол хэлний олон аялгуунууд нь авианы тогтолцоо, хэлзүйн хэлбэр,үгсийн сангийнхаа талаар харьцангуй нэгдлэлтэй байсан нь тодорхой ажиглагдаж байна. Ерөнхийд нь ажигллавал, араб дурсгалын хэл нь авианы ижилшил,хос эгшгийн үүсэл,гийгүүлэгчийн сугарал зэрэг олон шинжээрээ бусад дурсгалуудын хэлнээсээ түрүүлж хөгжсөнийг нь хялбархан ажиглаж болно.           
Дундад үеийн монгол хэлний үед үгийн эцсийн бус үеийн эгшиг үүсч,эгшиг ижилсэнээс гадна эртний монгол хэлний үед байсан үгийн эхний шүргэх *x-гийгүүлэгч нь сул шүргэх h-болсон байна.Мөн хоёр эгшгийн дунд байсан шүргэх-g/g-гийн сугарсан нь эгишгийн ижилшил хийгээд үеийн бүтцэд ихээхэн нөлөөлжээ.
Орчин үеийн монгол хэл
Барагцаалбал, XV-XVI зуунаас хойшхи үеийн монгол хэлийг орчин үеийн монгол хэл-ний үед хамааруулан үзнэ. Энэ үеэс уламжлан үлдсэн монгол бичгтйн дурсгалууд олон боловч тэдгээрийн үлэмж тогтвортой хэвшин тогтсон бичлэгийг дүрэм нь бүр эртний монгол хэлний онцлог шинжийг хадгалсан хэвээрээ байгаа бөгөөд харин үгсийн сан,хэл найруулгын талаар тухайн үеийнхээ хэлний шинжийг тусгасан байна.Харин XVIII зууны дунд үеэр Ойрд Зая бандида Намхайжамцын зохиосон тод үсэг-ийн дурсгалууд нь суурь аялгууныхаа онцлого шинжүүдийг нарийн зөв тусгасан болохыг хялбархан ажиглаж болно.Мөн тэр үед зохиогдсон соёмбо үсэг-ийн хэл ни тухайн цаг үеийнх нь бичгийн дурсгалуудаас бүрэн мэдэх боломжгүй боловч эдүгээ бидэнд тодорхой мэдэгдэж байгаа дундад үеийн монгол хэлний үндсэн шинжүүдийг орчин цагийн амьд хэл аялгуунуудын материалуудтай харьцуулан судалсны эцэст орчин үеийн монгол хэлний үндсэн шинжийг түүхэн үүднээс тогтоох бүрэн боломж бий.


No comments:

Post a Comment