Sunday, September 23, 2018

Уран зохиолын хэл найруулга


Уран зохиол бол дүр дүрслэлийг үгээр гарган үзүүлэх зорилготой урлагийн нэг төрөл билээ. Тэрээр өөрийн үүргийг уран яруу хэрэглүүр дүрслэх үг хэллэгийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Үүгээрээ бусад найруулгаас эрс ялгаатай ба хэлний бүхий л боломжийг энэ зорилгодоо ашигладаг байна. Уранзохиолын хэл найруулгын онцлог нь:
·                     Уран дүрслэх арга хэргэсэл болсон зүйрлэл, адилтгал, төлөөлөл, ёгтлол, ихэсгэл, багасгал, харьцуулал, харшуулал чимэглэл зэрэг яруу хэрэглүүрийг чөлөөтэй хэрэглэдэг.
·                     Уран зохиолын хэлний бүрэлдэхүүнд нутгийн аялгууны үг, этгээд бүдүүлэг шинэ хуучин үг, ойролцоо, эсрэг утгатай үг зэрэг хэлний бүхий л үг багтана.
·                     Уран зохиолын найруулгад тансаг найруулга (намба найруулга. Ө.наранбат) чухал байр эзэлдэг.
·                     Уран дүрслэл бол цэцэн цэлмэг, яруу сайхан, уянгалаг сонсогдохуйц, тэгсэн атлаа оновчтой ойлгомжтой байх шаардлагатай.
·                     Зохиолын баатрын мэргэжил, зан чанарт тохируулан дүрийг нь: Эрдэмтэн хүний дүрийг гаргахад эрдэм шинжилгээний найруулгыг ашиглан дүрийг гаргахад эрдэм шинжилгээний найруулгыг ашиглан дүрийг тодруулах гэх мэт.
·                     Уран зохиолын хэлэнд өгүүллэгийн хэллэг, баатруудын хэллэгийн аль аль нь байх ёстой байдаг. Тэгэхдээ уянгын зохиолд энэ хоёр зүйлийн хэллэг нэгдмэл байдлаар ордог бол жүжгийн зохиолд өгүүлэгчийн хэл гэж байдаггүй байна.
Адилтгал (сравнение)-ыг уранзохиолын найруулгад хэрэглэх нь:
      Энэ арга бол юмсын адил төсөөтэй шинжүүдийн нэгийнхийг нөгөөгийнхтэй нь зэрэгцүүлэн тавьж тодорхойлдог найруулгын нэг уран хэрэглүүр юм. Энэ үедээ шиг, мэт, адил, өөрцгүй, чинээ гэх зэрэг үгсийг их хэрэглэнэ.
Жишээ нь: Тэр хоёрын нэг Цээмаа хүүхэн, зааны ясан савх шиг цагаан хуруутай гараараа нуурын ус шиг долгиотсон гэзгээ илээд эрвээхэйн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзган нарийнан хүзүүгээ ороогоод салхинд ганхсан хонгор зул цэцэг шиг гунхалзан сууж байна. \Ц.Д. “Чемодантай юм”\
Дэлүүн чинээ аргалыг дээлийн хөдсөөр бүтээсэн байжээ. Ц.Д. “Гологдсон хүүхэн”
      Хэрэв адилтгалыг буруу хэрэглэвэл уран яруу биш, харин ч найруулгын сулруулдаг. Адилтгалын бусад төрлийн ялангуяа сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний найруулгад зайлшгүй газарт нь бага зэрэг, гэхдээ урнаар дүрслэх зорилгоор хэрэглэдэг.
     Зүйрлэл (метафора)-ийг уран зохиолын найгуулгад хэрэглэх нь:
     Энэ арга бол дүрслэх гэж буй юмныхаа гол шинжийг тов тодорхой харуулахын тулд өөр юмны нэрээр утга шилжүүлэн зүйрлэж урнаар илтгэдэг далд шинжтэй адилтгал юм. Далд адилтгал гэдгийн учир нь “мэт, шиг, адил” гэх мэт үгсийг хэрэглэдэггүй, холбоо үг бүтэн өгүүлбэрийн бүтэц бүхий зураглал хэрэглэдэг. Иймд адилтгал, зүйрлэл хоёр хутгаж ойлгож болохгүй юм. Жишээ нь: Ц.Дамдинсүрэн Хоёр настай Ро” шүлэгтээ:
    Аавдаа алт болсон, ээждээ эрдэнэ болсон... гэж хүү нь эх эцэгтээ хичнээн үнэ цэнэтэй болохыг алт эрдэнээр зүйрлэж урласан хэллэг хэрэглэсэн байх юм. Энд “болох” гэдэг, үгийг хэрэглэсэн, ор нь ч энэ үгийг зүйрлэлд түгээмэл хэрэглэдэг байна.
    Харшуулал (антитеза)-ыг уранзохиолын найруулгад хэрэглэх нь:
    Энэ арга уранзохиолд эсрэг шинжүүдийг зэрэгцүүлэн харуулахад уг шинжүүдийг харшуулан хам хэрэглэх замаар ялгааг нь улам тодорхой болгож үзүүлдэг яруу хэрэглүүр юм. Ингэхэд тус хоёр ухагдахууны ялгаа зааг тов тодорхой болж дүрслэгддэг байна. Жишээ нь: “Чанцал сэтгэл булаасан сайхан эрийн цог жавхлангий өмнө бишүүрхэх, баясах хослон байвч...” гэж С.Эрдэнэ “Малын хөлийн тоос” өгүүлэлдээ харшуулал хэрэглэн Чанцалын сэтгэл хөдлөлийн хоёр талыг урнаар илэрхийлжээ. Мөн Д.Нацагдорж харш хоёр байдлын эсрэгцлийг дүрсэлсэн нэгэн өгүүллээ “Цагаан сар ба хар нулимс” гэж нэрлэсэн нь харшууллыг уранзохиолын гарчигт ч хэрэглэж болдогийг үзүүлсэн жишээ мөн билээ.
     Харшууллыг нийтлэлийн найруулгад нэлээд хэрэглэдгийг бид сонин сэтгүүлийн хэллэгээс элбэг харж болно. Уранзохиолд бол харшууллыг оновчтой хэрэглэж чадваас зохиолын баатрын дүр, үйл явдлын шинж тун ч тодорхой болох юм.
     Хэвшмэл хэллэг (фразеология)-ийг уранзохиолын найруулгад хэрэглэх нь:
     Энэ аргыг уранзохиолын найруулгад их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд олон үгээр илэрхийлэх санааг оновчтой хоёр гуравхан үгэнд хураангуйлан, сонирхолтой, цэцэн цэлмэг хэллэгээр дүрсэлдэг уран сайхны яруу хэрэглүүр юм.
     Хэвшмэл хэллэг улс орон бүрт бий боловч, тухайн орны өвөрмөц онцлог, зан заншил туссан байх тул түүнийг орчуулахад нэлээд амаргүй, гагцхүү орчуулж хэрэглэх орны онцлогт дүйлгэн орчуулах шаардлага байдаг. Хэвшмэл хэллэг ба хэлц үг нь хүмүүсийн сэтгэл санааны байдал, далд утгыг маш оновчтой, уран сайхнаар илтгэдэг онцлогтой. Мөн ийм хэллэгийн доторх үгийг өөрчлөх, байрыг солиход утга санаа алдагддаг тал бий. Жишээ нь: “Чам шиг хорголоо тоолсон наймаачин бидний аяыг дагахгүй шүү дээ” \Ч.Л. “Тунгалаг тамир”\ Энэ өгүүлбэрийн “хорголоо тоолсон” гэдэг үгийг “нарийн, харамж” гэсэн утга гаргахдаа хэрэглэсэн нь үнэхээр уран атлаа цаад хүний хорыг маажиж чадсан, хошин хоржин үг болж чадсан нь илэрхий байна. Энд өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аяс хэрхэн сайн тодорч буйг ч бид харж байна.

   Уранзохиолын хэлд зүйр цэцэн үг, ардын аман зохиолын төрөл түүний нэг чухал яруу хэрэглүүр болж байдаг. Жишээ нь: “Энэ буруу ишилсэн сүх шиг банди ингэж явсаар байгаад нэг мэдэхэд дээш харъя тэнгэр хол, доош харъя газар хатуу гэгч ч болно доо яана?”

    Өвөрмөц хэллэг, хэлц үгийг бичиж, орчуулж байгаа зохиол бүтээлдээ зохистой хэрэглэж чадвал зохиолын хэл чансаажиж, уншигчийн сэтгэхүйг ч тэр хэмжээгээр хөгжүүлэх танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
                 Уранзохиолын найруулгад авианы хэрэглүүрийг ашиглах нь:
    Авиазүйн найруулгазүйд оруулан авч үзэж болох хэрэглүүр уранзохиолын хэлд элбэг тохиолддог. Ялангуяа шүлэг, яруу найраг жүжгийн зохиол зэрэгт ихээхэн хэрэглэгдэж, өгүүлж буй зүйлийг амьдлиг уран гоё болгоход тусалдаг. Өөрөөр хэлбэл уншигчийн нүдэнд харагдан чихэнд сонсогдтол дүрслэн үзүүлэх шаардлага гарвал дуу чимээ, авианы чимэг хэрэгтэй,
    Их зохиолч Бямбын Ренчин, авиа давтах ёсыг монгол шүлэг болон ардын аман зохиол, билигт их хэрэглэдэг, нэг ёсны яруу найргийн чимэглээний зүйл мөн гэж тэмдэглэжээ. Энэ талааар Ц.Баярсүрэн, Ц.Сүхбаатар, Д.Отгонсүрэн нарын <<Монгол хэлний найруулгын төрөл>> хэмээн бүтээлд
Хан тэнгэрийн цахилгаан
                                                         Хар хаданд туссан мэт
                                                      Хард ярд гэтэл цавчилдана хэмээн и,а,х,р,д,т,н,ц,ч, авианууд тэнгэрийн дуу, цахилгаанд давтагдах мэт айхтар их чимээ гаргадгийг авиа давтан дуурайх байдлаар дүрсэлсэн тухай жишээлж авчээ. Мөн энэ шүлэгт тэнгэрийн хүчирхэг дуун хатуу ханан хаданд тусахад хавирах мэт их дуун гарсан адил сэтгэгдэл төрөхөөр дүрсэлсэн байна.
   



Мөн, яруу найрагч Бэгзийн Явуухулан:
                                                         Дорнод нутгийнхан уулсад
                                                         Ойрдоон би очсонгүй ээ.
                                                          Дурлам ягаан цэцгийг нь
                                                          Хавьдаан би үнэрлэсэнгүй ээ. Гэж нэгэн бүтээлдээ сонсголонт авиануудыг олноор нь оруулсан байна.
    Ер нь авианы найруулгын тухай авч үзэхэд аялгын арга, авиа зохицуулах арга, авиа дуурайх арга, холбоц буюу авиа давтах аргуудыг заавал дурдах ёстой. Эдгээр арга тус бүр найруулгын нарийн үүрэг зориулалт бүхий билээ. Тухайлбал: Аялгын арга нь дууны хүч, өндөр, нам, удаан түргэнээр тодорхойлогдох бөгөөд энэ нь өгүүлэгчийн сэтгэлийн аясыг илэрхийлэн тухай өгүүлэмжинд утгын нарийн ялгааг гаргаж өгдөг баайна. Жишээ нь: Дахиад л очихоос биш дээ. Энэ өгүүлбэрт <<дахиад л>> гэдэг үгийн <<л>> -нь дургүйцсэн, ундууцсан санааг тодруулан чимж өгч байна.
    Авиа зохицуулах арга нь тухайн өгүүлж байгаа зүйлд нийцэхүйц тийм авиаг сонгон хэрэглэдэг онцлогтой. Жишээ нь:
    Горхихонд гойд сонин нэр үгүй.
    Годхийсэн <<горхи>> гэдэг нэр бий,
    Авиа дуурайлган найруулах арга нь дүрслэх гэж байгаа зүйлийнхээ дуу чимээг төлөөлөн илэрхийлчихэж болмоор тийм авиаг дуурайлган авч хэрэглэдэг онцлогтой ажээ. Жишээ нь: Сум чихний хажуугаар шун шун хийлгэн пижигнэнэ.
     Холбоц буюу авиа давтах арга нь яриаг яруу сонсголонтой болгох зорилготой бөгөөд ижил авиаг ойр ойрхон давтаж дүрслэл хэмнэлийг улам бүр тодруулдаг арга юм. Жишээ нь:                                   
                                                    Нэгдэлч олон нь шивэр авир ярилцахад
                                                    Нэгдлийн дарга Насан гуай сэм сэм сонсчихжээ.
    Уранзохиолын найруулга бусад төрлийн найруулгыг бодвол хэлний яруу хэрэглүүрүүдийг чөлөөтэй хэрэглэдэг. Тухайлбал, ёгтлол (аллегория), хэтрүүлэл (гипербола), егөөдөл (ирония), багасгал (литота), төлөөлөл (метонимия), үг тонгорох (инверсия), солбилцлол (антономазия), гажилт (эпострофа),товчхон үг хэллэг (лаконизм), өрнүүлэл (нарастание), жаазлалт (обрамления), эсрэг хэлхэц (оксюморон), хүншүүлэл (олицетворение),зэрэгцүүлэл (параллелизм), тойруулал (перифраза), нуршилт (плеоназм), давталт (повтор), залган давтах (подхват), холбоос олшруулалт (полисиндетон), яруу асуулт (риторический вопрос), гашуун егөө (сарказм), орхилт (умолчание), эерүүлэл (эвфемизм), чимэг үг (эпитет), зэрэг өдий төдий найруулгын уран хэв маягийг хэрэглэдэг ажээ.
     Уранзохиолын хэл найруулгыг судалсан олон эрдэмтэд уран зохиолын хэл найруулгын онцлогийн талаар дараах саналуудыг дэвшүүлжээ. Жишээ нь: Д.Э.Розенталь уранзохиолын хэл найруулгын онцлогийг:
Хэлний болон гоозүйн нэгдмэл үүрэгтэй
·                     Олон найруулгын шинжийг багтааж байдаг
·                     Дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүрийг өргөн ашигладаг
·                     Уран бүтээлчийн хувийн арга барилаар бичигддэг гэх мэт ерөнхий онцлогийг нь дурьдсан байна.

No comments:

Post a Comment