Thursday, February 2, 2017

Монголын уран зохиол Лекц-2

Лекц 2
Монголын нууц товчооны уран зохиолын судалгааны тойм
Монгол үндэстэний соёлын алдарт дурсгал бичиг МНТ-г XIII зуунд зохиосон боловч түүнийг жинхэнэ эрдэм шинжилгээний үүднээс судлан шинжлэх болсон нь 100 гаруйхан жилийн түүхтэй юм

Энэ хугацаанд МНТ судлал нь монгол судлалын биеэ даасан томоохон салбар болтлоо өргөжиж эл үнэт дурсгал бичгийн хэрэглэгдэхүүнийг ямар нэг хэмжээгээр ашиглаагүй эрдэм шинжилгээний бүтээл монгол судлалд бараг үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй бөгөөд дэлхийн олон оронд МНТ-г тусгайлан судалсан бүтээлийн тоо нэгэн мянгаас хол давжээ. МНТ-ны уг эх өнөөг хүртэл бидэнд хадгалагдан үлдсэнгүй. Харин 1368 онд Юань гүрний ноёрхол эцэс болж Тогоонтөмөр Дайдуг орхисноор их хаадын удам угсааны чухал нандин түүх шастирууд түүний дотор МНТ-ны уг эх Хятадын эртний нийслэлд үлдэж хоцорсон нь магад юм. МНТ-ны монгол эхийг хятад үсгээр галиглан буулгаж улмаар мөр дагуулан монгол үгийг хятдаар хадан орчуулж бүлэг бүрийн ард товч тайлбар орчуулга хийж модон бараар хэвлэн гаргажээ. Энэ ажлыг Хун-У-гийн үед 1368-1398 хийж гүйцэтгэсэн нь магадтай. Эрдэмтдийн дунд Мингийн барламал эх хэмээн алдаршсан МНТ-ны тэр эх мөн л он цагийн урсгалд үрэгдэж алга болсон бөгөөд харин хожим 1933 онд Бээжингийн хааны ордны хуучин ном бичгийн хөмрөгөөс уул эхийн хэсэг бусаг 41 хуудас Хуа-и-и-юй толь-ийн 26 хуудасны хамт олдсон юм. Чухам тэр эхээс улбаалсан хэд хэдэн гар бичмэл хуулбар хятдын олон үеийн хүмүүсийн буянт үйлсийн үрээр өнөө бидэнд өв болон үлджээ. Юнлү хааны үед 1403-1408 оны үед эртний судар шастирын лут их цуглуулга Юн лэ Да Дянь буюу Юнлүгийн их журамлах бичгийг эмхтгэн гаргахад МНТ-г Мингийн барламал эхээс хуулбарлан оруулсан байна. Нийт эх зохиол нь 22877 дэвтэр, өмнө нь зөвхөн тэдгээрийн гарчиг 60 дэвтэр, энэ том цоморлигийн 5179-5193 дугаарын нийт 15 дэвтэрт МНТ-ны өмнөх олон асуудал нэлээд бүрхэг болсон юм. Тухайлбал, энэ нь бүтцийн хувьд нэг иж бүрэн зохиол мөн эсэх, МНТ гэдэг нь түүний жинхэнэ нэр мөн үү, хэдэн онд яаж зохиосон, зохиолч нь хэн болох, анх ямар үсгээр бичсэн зэрэг олон асуулт өнөөг хүртэл энэхүү гандашгүй бүтээлийн тайлагдашгүй нууц хэвээр байна.
МНТ-ны төгсгөлийн үгэд уг зохиолыг хэзээ хаана зохиосон тухай мэдээлэхдээ: Их хуралдай хурж, хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө арлын Дэлүүн болдог Шилгинцэг хоёр зуур Ордос бууж бүхүйд бичиж дуусав /282-р зүйл/ гэжээ. Энд ойрмог хулгана жилүүд гэвэл 1240, 1252, 1264, 1276 г.м. Б.Лауфер 1907 онд бичсэн МУЗ найруулал номдоо МНТ-ы монгол бичгийн эхийг Хэрлэн голын хөвөөнд болсон Их хуралдайн үеэр 1242 онд бичсэн гэж (хулгана жил) бичсэн мэдээг үгүйсгэхэд хүрчээ (удалгүй буруугаа хүлээсэн юм). МНТ-нд Өгөдэй хааны гол үйл явдлыг бичсэн боловч түүний нас барсан тухай, дараахан нь болсон том үйл явдлуудын тухай дурдаагүй байдаг нь МНТ-г 1240 оны цагаан хулгана жил зохиосон гэж үздэг эрдэмтдийн гол үндэслэл юм. Бао-Тин-Бо /1805/, Ли-Вэн-Тянь ч гэсэн тэгж үзэж байсан. Энэ саналыг П.Кафаров /1866/, Н.Мичиё /1907/, Ш.Хаттори /1940/, Э.Хэниш /1950/, Л.Темир /1948/, Ц.Дамдинсүрэн /1947/, П.Поуха /1956/, Ш.Бира /1978/, Г.Баяр /1981/ зэрэг томхон эрдэмтдийг нэрлэж болно. Дээрх саналыг зөвшөөрдөггүй эрдэмтэд нэлээд хэд бий. МНТ-г 1240 оноос хойш үед зохиосон гэх ба гол үндэслэл нь 1240 оноос хойших үйл явдлууд туссаныг авч үздэг. Проф. түүхч Рене Груссе 1252 оны хар хулгана жил, Г.Ледьярд 1264 оноос хойш, А.Уэйли 1276, Г.Дорфер 1288, Японы М.Мураками XIY зууны 1324 оны хөх хулгана жил гэх мэт саналууд байдаг. Гэвч эдгээрийг үндэслэл муутайд тооцож, Чингис хааны дараах үйл явдлууд ялангуяа 1240 оноос хойш гэж үзэж буй үйл явдлууд нь цөм хожим нэмсэн зүйл гэж үзэж дээрх саналуудыг няцаадаг байна. МНТ-г зохиосон оны талаарх эдгээр саналыг нэгтгэж буй гол зүйл бол дээрх судлаачид МНТ-г нэгэн цаг үед бичигдсэн нэг бүрдэлт зохиол гэж үзжээ.
Гэтэл зарим нь нэг цаг үед зохиогдоогүй хэд хэдэн хэсгээс бүрдэх залгамал шинжтэй зохиол гэж үзжээ. Тухайлбал, ХХ зууны эхээр хятдын эрдэмтэн Дин-Цянь МНТ-ны үндсэн хэсгийг /269-р зүйл хүртэл/ Чингис хааны нас барсны дараа жил буюу 1228 онд зохиосон, харин Өгөдэй хааны тухай өгүүлсэн сүүлчийн хэсгийг хожим нэмж бичсэн гэжээ. Энэ саналыг Н.Мичиё, Исихама, Кобаяси, Чимура, Иринчин, Ш.Гаадамба зэрэг эрдэмтэд дэмждэг бөгөөд Чингис хааны нас барах хүртэл /268/ биеэ даасан нэг зохиол байсан бөгөөд МНТ-ны 282-р зүйлд буй төгсгөлийн үг бол угтаа энэ хэсэгт хамаарна. Харин 269-өөс хойшхи нь Мин улсын үед хятад үсгээр галиглан буулгахад өөр зохиолоос хэсэглэн авч нэмж оруулаад өмнө байсан төгсгөлийн үгийг ард нь зөөж байрлуулсан гэсэн санал тавьжээ. Гол үндэслэл нь гэвэл:
1. МНТ-ы өөр нэг хувилбар болох Лу. Алтан товчид 268-аас хойш нэг ч зүйл ороогүй
2. МНТ-ы төгсгөлийн үг 268-р зүйлийн дараа байсан гэдгийг баталгаа болгож  269-р зүйлээс иш татан хулгана жил Цагаадай, Бат тэргүүтэн баруун гарын хөвгүүд Отчигин ноён, Зэв, Есүнхэ тэргүүтэн зүүн гарын хөвгүүд, Тулуй тэргүүтэн гол хөвгүүд, охид, хүргэд, түмэд мянгатын ноёд бүрэн болж Хэрлэний Хөдөө аралд үүрээр хурж, Чингис хааны нэрийдсэн мөн зарлигаар Өгөдэй хааныг хаан өргөв гэсэн хэсэгт гарч буй хулгана жил, Хөдөө арал, Их хуралдай гэсэн 3 нөхцөл төгсгөлийн үгтэй яг тохирч байгаа нь 1228 онд МНТ-ны Чингисийн хэсгийг зохиож дууссаны хөдөлшгүй баримт гэж үзсэн байна. Зохиолын нэрийн тухай асуудал ч мөн зохиосон он цаг ямар бүтэцтэй зохиол болохтой шууд холбоотой бөгөөд хятдын үсгийн эхийн улиран дамжиж ирсэн түүхээс салангид авч үзэх аргагүй юм. МНТ гэдэг нэрийг хятдаар Юань-Чао Ми-Ши гэж бичсэн байдаг нь үгчилсэн орчуулга юм. МНТ-г судлагч гадаадын эрдэмтэд энэ хятад нэрийг өргөн хэрэглэдэг. Хятад үсгийн эхэд монгол үгийг хятад үсгээр томоор бичиж, ард нь арай багаар хятад орчуулгыг хадсан байдаг бол харин гарчигт эхлээд Юань-Чао Ми-Ши гэдгийг томоор бичээд ард нь МНТ гэсэн үгийг хятад үсгээр жижгээр хадаж бичсэн байдаг. Хятад монголоор хадаж бичсэн гарчиг нь эх бичигтэй нь харьцуулахад бичилбэрийн хувьд хожим нэмж бичсэн шинжтэй, МНТ гэдэг нэрийг монголын түүхийн сурвалж бичгүүдэд огт дурдаагүй зэрэг нь Юань-Чао Ми-Ши /МНТ/ гэдэг бол зохиолын анхны нэр биш хожим хятад бичгийн түшмэд галиглан буулгаж хэвлүүлэхдээ өгсөн нэр гэж үзэх үндэслэл болж байна гэж П.Кафаров, С.Козин, П.Пеллио нар үздэг бөгөөд эрдэмтэн У Хун, С.Панкратов нар дэмжиж Юань гүрэн мөхсөний дараа монгол хаадын нууц баримт бичиг хадгалдаг ордны хөмрөгийг цэгцлэх үед олсон хүмүүс тэгж нэрлэснийг хожмын хятад судлаачид номын нэр гэж андуурч бичсэн бололтой юм гэж бичжээ. Энэ бүхэн нь МНТ гэдэг нь уг зохиолын жинхэнэ нэр биш болохыг гэрчилж байна. МНТ гэдэг нэрийг агуулгынх нь талаас авч үзсэн ч энэ санааг гүнзгийрүүлж болно. Үүнд: МНТ гэдэг нэр ялангуяа нууц гэдэг үгийн талаар янз бүрийн санал байдаг. Олон судлаачид МНТ нь их хаадын удам судрын бөгөөд нарийн ширийн зүйлийг бичсэн тул Алтан ургийн бус хүн үзэж унших ёсгүй маш чанд нууц байсан гэж үздэг. Тухайлбал, хятадын түүхч Лиу-Жин-Сүй XII-XIY зууны монголын түүх бичлэг номынхоо МНТ-ны хэсэгт Нууц Товчоо гэж нэрлэсний учрыг тайлбарласан, МНТ-нд гадагш хэлж болшгүй шалтгаан байсныг тоочихдоо Есүхэй баатар мэргидийн их Чилэдүгийн гэргий Өэлүн үжинг булаан авсан, Есүхэй баатар татар иргэнд хорлогдсон, Чингис хаан тайчуудад баригдаж хоригдсон, Чингис хаан дүү Бэгтэрийгээ алсан, Чингис хааны Бөртэ үжин хатан мэргидүүдэд булаагдаад хөл хүнд болсон, Чингис хааны 4 хүү хаан суурь булаалдсан гэх мэтийг дурджээ. Өөр санал ч цөөнгүй байна.
С.А.Козин: Энэ зохиолд ямар ч нууцын тухайд бичээгүй, Нууц товчоо гэдгийг Ми-Ши гэдэг хятад үгийн нэг утга Албан ёсны бус түүх гэсэн утгаар ойлгох хэрэгтэй. Энэ нь жинхэнэ түүхийн баримт бичиг биш олон түмний уншихад зориулсан ерийн түүх юм гэсэн бол Н.Ц. Мункуев: Тухайн үеийн нийгмийн ёс суртахууны үүднээс монголчуудаасаа нууж хаах энэ зохиолд юу ч байхгүй гэдгийг дэмжихийн хамт харин эзлэгдсэн ард түмнүүдийн төлөөлөгчид, жишээлбэл: түшмэдийн тухайд монгол түүхийн сурвалжийг үзэх боломж бүрэн хаалттай байсан нь үнэн юм гэжээ. Үнэхээр ч монголын хаадын түүх шастирыг хятадын бичгийн хүмүүст үзүүлэхийг хатуу хориглон нууцалдаг байсан тухай ч түүхэн баримтыг эрдэмтэн Иринчин дурдаад Нууц гэдэг нь хятадын түшмэдийн зүгээс өгсөн нэр юм гэсэн байна. МНТ-ны уг эхийг Чингис хааны язгуур гэсэн нэртэй байсан гэх үзэл их дэлгэрчээ. Үүнд: зохиолын эх бичгийн эхний мөрд энэ 3 үгийг тусад нь онцгойдуу бичээд Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажээ гэсэн хэсгийг эхний мөрд үргэлжлүүлэн бичих хангалттай зай байсаар атал дараагийн мөрд бичсэнээс үүдэн эхний мөр нь уг зохиолын жинхэнэ нэр юм гэж үздэг. Энэ саналыг анх Н.Мичиё гаргаж япон орчуулгадаа эхний мөрийг гарчиг болгон тусгайлан авчээ.
Проф. З.Исихама энэ саналыг дэмжин харин энэ нь бүх зохиолын нэр биш эхний 10 бүлгийн нэр гэж тодруулжээ. Энэ саналыг Поппе, У Хун, Панкратов, Рахьевилз, Мункуев зэрэг судлаачид дэмжиж байна. МНТ нь 3 хэсэгтэй залгамал зохиол бөгөөд нэгдүгээр хэсэг нь /1-59-р зүйл/ Чингис хааны язгуур гэсэн нэртэй /Чингисийн 22 угийн бичиг, 10 үеийн өвөг дээдсийн түүх/, II хэсэг нь 60-268-р зүйл Товчоон, Чингисийн товчоон буюу Алтан товчоон гэх мэт тодотголтой байсан байж болох Чингисийн өөрийнх нь намтар, III хэсэг нь 268-282-р зүйл мөн Товчоон  гэсэн нэртэй Өгөдэйн намтар, ийм 3 өөр зохиолыг нэгтгэн нэг товхимол болгон хятад үсгээр галиглан буулгасан гэсэн олонхийн саналыг нэгтгэж, проф. Иринчин бичсэн байна. Ер нь монголын их хаадын түүхийг Товчоон, Товч гэж нэрлэдэг байсан нь түүхэн тодорхой зүйл юм. Проф. А.Лувсандэндэв МНТ-ны гарчгийн учир өгүүлэлдээ дээрх саналыг шүүмжилж эхний мөрд буй  Чингис хааны язгуур гэсэн хэлцийг  II мөрөөс нь салган авч үзэх нь монгол хэлний өгүүлбэрзүйн байгуулалтад харшлах бөгөөд ингэж онцгойлон бичсэн нь XIII зууны үеийн дурсгалуудад түгээмэл байдагМөр тэтгэн бичих явдлаар тайлбарлагдана гэжээ.
МНТ-ы эх бичгийн судлалд хамааруулан авч үзэх өөр нэг асуудал бол түүний зохиогчийн тухай асуудал юм. МНТ-г анх хуулан бичиж судлан сонирхож буй Гу-Гуан-Ци, Ли-Вэн-Тянь зэрэг хүмүүс монгол хэл мэдэхгүй тул Юань-Чао Ми-Ши гэсэн гарчигийн дор орчуулан бичсэн МНТ гэдэг үгийг зохиогчийнх нь нэр байх гэж андуурч байжээ. Гэвч жинхэнэ эрдэм шинжилгээний үүднээс зохиогчийг нь тодорхойлох гэсэн оролдлого олон гарсан. Одоо ч үргэлжилсээр байна. Юуны өмнө тодорхой түүхэн хүнийг МНТ-ны зохиогч болгон тогтоох талаар цөөнгүй санал бий юм. Тухайлбал, Японы судлаач Канай Ясузо /1911/ Найманы Таян хааны тамгын бичээч байгаад 1204 онд Тэмүжинд олзлогдон хожим хааны ордонд бичгийн алба хаших болсон Тататунгаг зохиосон гэж анх зохиогчийн тухай асуудлыг хөнджээ. Э.Хэниш, П.Поуха, Ц.Дамдинсүрэн нар Тэмүжиний хуурай дүү түүний 9 өрлөгийн нэг Шихихутугийг МНТ-ны зохиогч гэсэн саналыг гаргахдаа өөр өөрийн үндэслэлийг дэвшүүлсэн. Тухайлбал, Ц.Дамдинсүрэн: МНТ-д XII зууны монголд болсон явдлыг тойм төдий бичсэн ба XIII зууны эхний хагас буюу 1200-1240 он хүртэл болсон явдлыг дэлгэрэнгүй бичээд монголоос гадна болсон явдлыг товч цухас бичжээ. Үүнээс үзвэл түүнийг зохиосон хүн монгол оронд болсон явдалд бие оролцож явсан ба гадаадад болсон байлдаанд төдий л оролцоогүй хүн байж болох юм. Чухам МНТ-г хэн зохиосон нь мэдэгдэхгүй юм. Гэвч Чингисийн шадар хүний нэг буюу хэд нь зохиосон гэж лавтай хэлж болно. Чингисийн ордны дотоод явдлыг нарийн тодорхой мэдэж бичсэнийг үзэхэд шадар хүн байх нь гарцаагүй. Ингэхээо Шихихутуг зохиосон байж болох юм. Шихихутуг бол уйгур бичиг мэддэг, Чингисийн шадар өрлөг бөгөөд бүх гүрэн төрийн заргачийн тушаалтай хүн байсан. Чингисийн зарлиг тушаалыг цагаан цаасан дээр хөх дэвтэрт бичдэг байсан хүн юм гэж бичсэн бол П.Поуха түүнээс өөр хүн зохиосон байх болзошгүй юм гэж нотлон бичжээ.
У.Хун эдгээр саналыг шүүмжилж Тататунга, Шихихутуг хоёрын хэн нь ч зохиогч байх боломжгүй гэжээ. Түүний үзэхээр Тататунга харьцангуй хожуу олзлогдсон тул түрүү үеийн явдлыг тийм дэлгэрэнгүй амьд сайхан дүрслэн бичиж чадах учиргүй. Хэрэв Шихихутугийг зохиосон гэвэл тэрбээр бусад оронд хийсэн аян дайнд өөрийн биеэр оролцож явсан тул энэ тухай тийм товч бүрхэг бичихгүй сэнгэжээ.
Олон янзын саналын талаар Г.Э.Базарова, Л.Н.Гумилев нар өгүүлэл бичсэн. Нэлээд сүүлд Г.Баяр МНТ-ны зохиогчийн тухай /1977/, МНТ-ны зохиогч, галиглагч, орчуулагчийн тухай /1981/ гэсэн тусгай өгүүллүүд бичсэн. Эдгээр бүтээлдээ У.Хуны олон саналыг дэмжээд харин Чингис хааны ба Өгөдэйн сударч түшмэдэд МНТ-г бичих бололцоо Шихихутуг болон бусад ямар ч хүнээс хол илүү байна гээд түүхийн олон баримтыг харьцуулан шинжилсний эцэст МНТ-ны зохиогч нь Баруунгарын улсын туслагч Жингай, бичээчийн дараах Хэрэйдгэ, бичээч Сэчэгүр байжээ гэж дүгнэсэн байна. Жингай МНТ-ны зохиогч байж болох тухай санааг анх С.Уемуро МНТ-ны тэмдэглэл /1955/ өгүүлэлдээ дэвшүүлсэн.
Хамгийн сүүлчийн саналыг судлаач Ш.Гаадамба гаргаж 1988 онд Хөх хотод болсон МНТ-ны судлалын олон улсын ЭШХ-д илтгэл тавьсан. Энд МНТ-г хосгүй билиг авъяасаараа Аргусан хуурч хэмээн алдаршсан Хоргасун Хорчи хэмээгдэх ордны шадар хүн зохиосон гэсэн санал дэвшүүлэв. Нөгөө хэсэг эрдэмтэд МНТ-г заавал тодорхой нэг хүн зохиосон байх албагүй. МНТ-г нэг цаг үед зохиогоогүй залгамал зохиол тул зохиогч нь тэр энэ гэж хэлэхэд хэцүү, тэр үед бичгийн чадвартан өдий төдий байсан тул зөвхөн түүхийн сурвалжид нэр нь тэмдэглэгдсэн хэдэн хүний дотроос эрж хайх нь дэндүү гэнэн гэх үзэл баримталж байна. Тухайлбал, Н.Ц.Мункуев XIII зууны тэргүүн хагаст монголын нийгмийн дээд давхаргынхны дунд МНТ-г зохиох буюу бусдын амнаас тэмдэглэн бичих чадвартан хангалттай олон байсан болохоор түүний зохиогчийн тухай санал өнөө үед зөвхөн таавар төдийгөөс хэтрэхгүй юм гэж бичсэн бол Ш. Бира төгсгөлийн үгийг Их хуралдай хурж, НТ-г зохиосон гэж шинээр ойлгон уншсантайгаа уялдуулан Их хуралдайд оролцсон хүмүүсийн хамтын бүтээл хэмээх ойлголтод хүрчээ. Тэрвээр бичихдээ: Өнийн турш амнаас аманд дамжин хэлэгдэж ирсэн Чингисийн Алтан ургийн түүх эцсийн дүнд бичигт тэмдэглэснийг энэ ургийн томоохон төлөөлөгчид Их хуралдайгаараа дэмжин сайшаасан нь тун магад хэрэг. Удаан үргэлжлэн хуралдах явцад Чингис хааны шадар ойр төрлийн өрлөг хүмүүс зарим нь санаанд байгаагаа, зарим нь ордны тэмдэглэл бичгийг ашиглан Чингисийн алтан ургийн түүхийн чухал үеийг өгүүлэн хэлснийг бичээчид тэмдэглэсэн байж болно. Харин Их хуралдай мэт тэр үеийн томоохон ёслолд байнга идэвхтэй оролцдог байсан ардын үлгэр туульчид бичээчид тусалж эцэст нь хэн нэгэн бичгийн соёлтон найруулан тохиолдуулсан болов уу гэжээ. Зохиогчийн тухай асуудлыг проф. Ринчений үгээр дүгнэн хэлбэл Хэн хүнийг монголоор товчоон бичив гэсэн мэдээ түүхэн сурвалж бичигт нэг ч алга. Судлаачид зөвхөн өөрсдийн л бодлоор саналаа хэлж буй боловч ноттой түүхэн гэрч гаргаж дийлэхгүй билээ гэж хэлжээ.
МНТ-г анх ямар үсгээр зохиосон бэ? гэдэг асуулт МНТ-ны текстилогийн бас нэг маргаантай асуудал билээ. Үүнд 3 үндсэн санал байна.
1. Козин, Лауферийн бичсэн тэр үеийн монголчууд уйгур, хятад монгол, дөрвөлжин, уйгуржин монгол 4 төрлийн бичиг үсэг хэрэглэдэг байсан гэсэн мэдээг барьж хятад-монгол бичгээр анх тэмдэглэн бичсэн болохоос түүнийг өөр бичиг үсгийн системээс хятад үсгээр галиглан буулгасан бус гэж үзжээ.
2. МНТ-ны хятад галигийг дөрвөлжин үсгээр тэмдэглэсэн эхээс буулгасан бололтой гэсэн саналыг анх японы эрдэмтэн Ш.Хаттори МНТ-ны монгол үгийг илэрхийлсэн хятад үгийн судалгаа /1940/, МНТ-ны эх бичиг болох дөрвөлжин үсгийн эх бичгийн тухай /1951/, МНТ-ны дөрвөлжин үсгийн дундаж эх /1952/ зэрэг бүтээлдээ дэвшүүлжээ. Энэ саналыг Кобаяши, Н.Поппе, Ш.Мураяма нар дэмжсэн. Тэд хятад галигаар тэмдэглэсэн үгийн дуудлагыг дөрвөлжин үсгийн дурсгалуудын дуудлагын хэлтэй харьцуулан үзээд ийм дүгнэлт хийжээ. Гэвч энэ санал учир дутагдалтай. 1269 онд дөрвөлжин бичиг зохиогдсон. Бас галиглах үед 1382-1388 онд дөрвөлжин үсгийг бараг хэрэглэхээ больсон байсан. Энэ саналыг зөвшөөрдөггүй эрдэмтэд олон бий.
3. МНТ-г судалсан эрдэмтдийн олонх нь түүнийг анх уйгуржин монгол үсгээр бичсэн гэж үздэг билээ. Кафаров, Ц.Дамдинсүрэн, Пеллио, Хун, Мостерт, Панкратов, Легити нарыг дурдаж болно. 1926 оноос Лу. Алтан товч шинжлэх ухаанд мэдэгдэх болсон нь МНТ-ны уйгуржин монгол эх байсны ноцтой баталгаа болсон юм. Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр: Уйгуржин монгол бичгийн эх байсан бололтой боловч түүнийг баримталж буулгасан биш тодорхой нэг амьд аялгууг баримталж буулгажээ. Ингэсний учир нь хятад галигт хааяа үгийн эцэст орж олон тоо заадаг с үсгийг н үсэгтэй хутгасан байх юм. Гэтэл уйгуржин монгол үсэгт энэ хоёрын үгийн эцсийн хэлбэр тун ойролцоо билээ гэж тодорхойлсон болно. Энэ бүхнээс үзвэл МНТ-ны уг эхийг чухам ямар үсгээр бичсэн тухай асуудал мөн л ээдрээ будлиантай ажээ.Энэ асуудлыг шийдэх талаар эрдэмтдийн хийсэн ажлын зайлшгүй нэг үр дүн бол МНТ-ны эхийг анх байсан үсгээр нь сэргээн буулгах явдал юм. Японы эрдэмтэн Ш.Озава МНТ-ны  бүрэн тайлбар  /1984/  хэмээх 6 боть бүтээлдээ МНТ-ны уг эхийг дөрвөлжин болон уйгаржин монгол үсгийн аль алинаар сэргээн сийрүүлсэн нь тун сонирхолтой ажил болсон юм. Үүнээс гадна Өвөрмонголын эрдэмтэн Баяр /1981/ Их мянгадай Иринчин /1984, 1987/, Элдэнтэй, Ардажав /1986/ нар уйгуржин монгол бичгийн эхийг худам хэлбэрээр нь сэргээж өргөн дэлгэр тайлбар сэлттэй хэвлүүлсэн нь МНТ-д шинэ том алхам болсон юм.
Манай монголын судлаачдаас хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол Ш.Гаадамба юм. 1990 онд монгол бичгийн худам үсгийн эхээр МНТ-г сэргээж төрийн шагнал хүртсэн. 1995 онд академич Д.Цэрэнсодном мөн худам үсгийн эхийг сэргээж Өвөр монголд хэвлүүлсэн байна. МНТ-г дэлхий нийтийн эрдэмтэд судлаачдийн хүртээл болгоход эрдэм шинжилгээний галиг толь бичиг маш их үүрэг гүйцэтгэсэн. Энд хувь оруулсан эрдэмтэд гэвэл Мин-Юан, Ш. Хаттори, К.Ширатори, Ш.Мураяама, Л. Маналжав, Ж.Сэржээ, Б.Амаржаргал, Элдэнтэй, Ардажав, С.А.Козин, Баяр, Дашцэдэн, Озава нар юм. МНТ-г латин үсгээр уйгаржин монгол бичгийн маягаар зүйл хуваасан үсэг дарааллын гэх мэт галигийг хийсэн юм.
Сүүлийн үед МНТ-ны 750 жилын ойд зориулж манайд хийж буй нэг том ажил бол МНТ-ны үсгийн галиг юм. Үүнийг эрдэмтэн Сумъяабаатар хийжээ. Энэ галигт хятад үсгийн эхийн тэмдэгт бүрийн дор түүний тухайн үеийн дуудлагын хувьсан ирсэн түүхэн тогтолцоонд тулгуурлан дундад үеийн монгол хэлний онцлогийг харгалзан үзэх зарчмыг баримталжээ. Түүгээр ч барахгүй өмнөх судалгаан дээрээ тулгуурлаж Монголын нууц товчооны үгийн бүтцийн судалгаа хэмээх нэг сэдэвт зохиолыг туурвижээ
МНТ-г хамгийн анх хятад хэлээр орчуулсан гэж болно. Учир нь анх түүнийг хятад үсгээр галиглан буулгахдаа үг тус бүрийн ард харгалзах хятад үгийг хадаж бүлэг бүрийн эцэст уул бүлгийн ерөнхий агуулгыг хятадаар орчуулсан билээ. Өрнө дахинд Кафаров Чингис хааны тухай эртний монгол өгүүлэл гэдэг нэрээр орос хэлнээ орчуулж хэвлүүлсэн. МНТ-г Японд 1907 онд Накамичиёо Чингис хааны тухай үнэн тэмдэглэл нэрээр япон хэлд орчуулсан. Өрнө дахинд Козин герман хэлэнд Пеллио франц хэлнээ, турк хэлнээ А.Темир, перс хэлэнд Ширин Баяны, англид Сун, чехэд Поуха, мажарт Лигети, польшид Калужинский, казахад Магауя тус тус орчуулан гаргасан юм. Эрдэмтэд эрдэм шинжилгээний зорилгоор үгчилсэн орчуулга галигийн хавсралт тайлбар үгтэй хэвлүүлэхээс гадна өргөн олны хүртээл болгох зорилгоор утгачилсан товчилсон орчуулга мөн хийж хэвлүүлж байсан бөгөөд Г.Билгүүдэй МНТ-г аман зохиолтой харьцуулан судалж, Ж.Саруул-Эрдэнэ хүүхдийн уншлагад бэлтгэн бяцхан товхимол болгон хэвлүүлжээ. Дээрх судлаачдын дотроос МНТ-г 3 талаас нь жигд судалсан Ц.Дамдинсүрэнгийн судалгааг онцолж үзэх ёстой. Тэрээр МУЗТ-ийн I ботид МНТ-г тусгай бүлэг болгон авч үзэхдээ МНТ бол түүхийн дурсгалт бичиг, МНТ бол уран зохиолын дурсгал бичиг, МНТ бол эртний монгол хэлний дурсгал бичиг мөн гэсэн хэсэгт хувааж судалжээ. Энэ бүхэн нь цэвэр эрдэм шинжилгээний судалгаа биш өргөн олонд зориулсан лекцийн шинжтэй болохыг тэмдэглэх ёстой. Сүүлийн жилд 750 жилийн ойтой холбогдуулж түүнийг түүх, хэл, уран зохиолоор барахгүй соёл угсаатны зүй, экологиэртний судлал зэрэг олон талаас нь судалсан судалгааны бүтээлүүд өч төчнөөн гарсан бөгөөд өдгөө ч гарсаар байна
МНТ-ны бичвэр ба ураг түүхийн холбогдол: Монголчуудын түүх бичлэг бол өвөрмөц арга барилтай байсан. Товчоолох, хураах, эрхилэх, нууцлах гэх мэт Ер нь дорно дахины ард түмний дунд шавь болох, багш болох гэх мэт ойлголт маш өвөрмөц утгатай байсан. Нэг багш нэг шавьд бүх зүйлээ нарийн зааж өгдөг. Төгс сурч цааш өөрийн хэмжээнд боловсруулдаг сургалтын систем байсан. Монголчууд мөн өвөг удмынхаа түүхийг нэгэн ургийн итгэлт хүнд амаар хэлж яг таг цээжлүүлдэг заншилтай байсан.
Үүний ул мөр эдүгээ бидний зах зухыг нь сонссон Алтан ургийн бичиг буюу Ургийн бичиг юм. МНТ-нд энэхүү алтан ургийн бичээсийг монголчуудын гарал үүсэл лүгээ нэгтгэн Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино, гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдунд ирж нутаглан Батцагаан (Батачи хан) нэрт нэгэн хөвгүүнийг төрүүлэв (I зүйл) гэж эхлээд Тэмүжингээс өмнөх 22 үеийг жагсаан товчилж бичсэн бий (1. Батцагаан, 2. Тамача, 3. Хоричар мэргэн,      4. Уужим буурал, 5. Сальхачау, 6. Их нүдэн, 7. Шинэсочи, 8. Харчу, 9. Боржигдой мэргэн, 10. Торголжин баян, 11. Добу мэргэн, 12. Бодончар, 13. Барим ширату Хабич, 14. Мэнэн тудун, 15. Хачихүлүг, 16. Хайду, 17. Байшинхор догшин, 18. Тумбинай сэцэн, 19. Хабул хаан, 20. Бартан баатар, 21. Есүхэй, 22. Тэмүжин).
Энд эхний домгийн хувьд монголчуудын овгийн шүтлэг язгуурын шашин бөө мөргөлтэй холбоотой, тэнгэрээс гаралтай мэт дурдсан байхад дахин Добу мэргэний үед алтан ураг тасарч Малиг баяд овгийн зарц хүний хүүхэд ургийг төлөөлөх болж байна. Гэтэл энд сонирхолтой нь дахин хоёр дахь домог гарч ирж дээр тасарсан тасалдлыг нөхөж түүхэн үйл явдлыг бүрхэгдүүлэн зохиомжилсон байна.
Монголчуудын уг удам гарлын тухай хоёр домгийн хоорондох сонирхолтой өгүүлэмжийг түүхч Ш.Бира нарийн судалж, эхний домгийн итгүүлэх шинж чанар суларч, нөгөө талаар гадны хөрш зэргэлдээ улс орнуудын аман зохиол хүчтэй дэлгэрч бас ч шашин шүтлэгт хориг хязгаар байсангүй өч төчнөөн шашин ил дэлгэрч байсан ийм үе монголд бий. Энэ үед Зараост, Манихен шашны үзэлд эртний хаадын удам угсааг гэрлээс гаргаж тайлдаг ёсон байсан. Тухайлбал энэ тухай Уйгурын нэг домгийг Иран дахь монгол хаадын ордны нэрт түүхч байсан Жүвейнийн ертөнцийг байлдан дагуулагчийн түүх (the History of the World Conqueror) гэдэг бүтээлдээ: Тэр цагт Хархорумын хоёр мөрний нэгийг Туул нөгөөг нь Сэлэнгэ гэдэг байсан, тэр хоёр мөрний ойролцоо хоёр мод байжээ. Хоёр модны хооронд нэг том толгод байсан бөгөөд түүн дээр гэрэл сацран буудаг байв. Тэгээд тэр толгод өдрөөс өдөрт томорсоор байв. Тэр хачин юмыг Уйгур аймгийнхан шөнө бүр тэр толгодын эргэн тойронд 30 алхмын тэртээ гэрэл сацарсаар байхад жирэмсэн бүсгүйчүүд амаржих шиг нэг амсар нээгдэж (уг толгод дотор) түүн дотор гэр маягийн 5 салангид үүр байсан бөгөөд үүр тус бүрт нэг нэг хөвүүн сууж байжээ. Тйинхүү төрсөн 5 хөвүүний отгон нь болох Буху Тегинийг Уйгурчууд өөрийн хаанаар өргөмжилсөн гэдэг гэжээ. Энэ мэт домгийн нөлөө шингэж Алунгуагийн домог зохиогдсон бөгөөд тухайн үедээ үнэмшүүлэх чадал их байсан гэж үзсэн байна. Түүхэн талаасаа хөдөлбөргүй үнэн тов тодорхой зүйл цөөнгүй буй боловч бас үүнд эсрэгцэх дайны бүдэг бүрхэг мэт зүйлс бий. Тухайлбал Жамухын уг гарлыг хөөж үзвэл Бодончар мунхаг Жарчиуд аданхан Урианхан нэгэн жирэмсэн эмийг олзолж авсан. Түүнээс төрсөн хүүг харь овгийн хөвгүүн гэж Жажирдай гэж нэрийдсэн. Энэ нь Жадран овогтон болов. Тэр Жажирдайн хөвүүн Тугудай, Бүри булчир, Хар хадааны хөвүүн Жамуха бүлгээ гэж 40-р зүйлд өгүүлсэн байна. Гэтэл МНТ-ны турш Жамуха гэгч нь Чингисийн үеийн хүн мэт дүрслэгдсэн байна. Гарал үүслээр нь хөөж үзвэл уг Байшинхор догшины үеийн хүн мэт. Урлаг судлаач Т.Мандирын Хорин нэгэн хөрөг гэдэг бүтээлд дурдсанаар Жажирдайн 9 дэх үеийн ач Жамух сэцэн Хабич баатрын 9 дэх үеийн ач нь Тэмүжин хэмээн тодруулан бичсэн байна. Энэ тухайд МНТ-оос хойш уламжилсан бүтээлүүдэд, ялангуяа Лувсанданзангийн Алтан товч-д тодорхой өгүүлээгүй. В.Инжаннашийн Хөх судар-т Горлудын Жамуха сэцэн хэмээн мөн л Чингисийн үеийн хүн мэт дүрсэлсэн байна. Энэ мэт адармаа ээдрээтэй зүйл Монголын нууц товчоо хэмээх алдарт бүтээлийн тайлагдашгүй нууц хэвээрээ л байна.



No comments:

Post a Comment