Эрдэм
шинжилгээний хэл найруулга
Танин мэдэхүйн шинжтэй, хүнд мэдлэг олгоход зориулагдсан найруулгын төрлийг эрдэм шинжилгээний буюу шинжлэх ухааны хэл найруулга гэж болно.
Эрдэм
шинжлгээний найруулга утга зохиолын хэлэнд мөн бичгийн хэлний найруулгад хамаарна. Энэ найруулгын төрөлд олон шинжлэх ухааны салбараар гарч байгаа илтгэл, өгүүлэл, шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, бүтээлд өгөх санал, шинжлэх ухааны лекц, ярианы сэдэв өгүүлэл болон сургалт, заах арга зүйн зөвлөмж, гарын авлага, товхимол, сурахбичиг, боловсролын стандарт, хөтөлбөр, нэг сэдэвт зохиол, зохиолын хураангуй зэргийг багтаан авч үздэг.
Шинжлэх ухааны
зохиолууд хоорондоо хэмжээ, өгүүлэмж, зориулалтаараа ихээхэн ялгаатай болох тул эрдэмтэн судлаачид дотор ангилан зааглах оролдлог хийсээр иржээ. Тухайлбал, найруулгазүйч, профессор Д.Отгонсүрэн эрдэм шинжилгээний хялбарчилсан зохиолын найруулгыг бие даасан найруулгын төрөл болгон авч үзсэн байна. Харин орсын эрдэмтэн О.Д.Митрофанова шинжлэх ухааны зохиолын хэл найруулгыг:
· Жинхэнэ эрдэм
шинжилгээний
·
Шинжлэх ухааны хялбарчилсан зохиолын, шинжлэх
ухааны мэдээллийн
·
Эрдэм шинжилгээний ажил хэргийн дэд найруулга
гэж;
·
Ш.Гаадамба,
Э.Равдан нарын эрдэмтэд:
·
Эрдэм шинжилгээний ном зохиолын
·
Шинжлэх ухаан техникийн богино хэмжээний
зохиол, танилцуулга, лавлагаа зэрэг баримт сэлт
·
Сурахбичиг, гарын авлага, зөвлөмж, стандарт, хөтөлбөр зэрэг танин мэдүүлэх зорилго бүхий ном зохиолын
· Техник, үйлдвэрлэлийн салбарт хамаарах гэрээ, хэлэлцээр, зөвлөмж, танилцуулга зэргийн хэл найруулга хэмээн тусгайлан ангилжээ.
Эрдэм
шинжилгээний найруулгыг тухайн шинжлэх ухааны салбарыг сайтар мэдэх хүмүүс, судлаачдад зориулсан байдаг бөгөөд харин шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолыг өргөн олонд зориулсан байх тул агуулгын хүрээ, хэл найруулгын хувьд нэлээд ялгаатай болно. Хялбаршуулсан зохиолд ямар нэгэн шинжлэх ухааны ухагдахууныг бүхий л хүн ойлгохоор энгийн аргаар тайлбарлах ёстой. Найруулгын энэ төрөлд шинжлэх ухааны ухагдахууныг энгийн хялбар аргаар тайлбарласан сурах бичиг, ном товхимол, өгүүлэл, лекц зэрэг орно. Ийм зохиолуудад зураг, схем, бүдүүвч, дүйлгэн тайлбарласан нэр томъёо их хэрэглэгдэнэ. Эрдэм шинжилгээний найруулгад үнэнийг итгүүлэх, батлан нотлох арга хэрэглүүр нь уранзохиол, сонин нийтлэлийнхээс ихээхэн өөр юм.
Эрдэм
шинжилгээний хэл найруулгад учир шалтгаан (логик)-ы нарийн дараалалтай,
тодорхой, оновчтой, баталгаа нотолгоо сайтай байх хэрэгцээ их бий юм. Ялангуяа
учир шалтгааны дараалалтай бичиж найруулах нь тун чухал. Энэ нь бичиж, ярьж
байгаа зүйлс нарийн дэс дараалалтай байрлаж өөр хоорондоо утгын талаар нягт уялдсан байх шаардлагыг баримтална гэсэн үг. Учир шалтгааны хууль уг ухагдахууныг тодорхой, зөрчилгүй, тууштай, үндэслэл сайтай байх зарчимд үгүйсгэлийн хууль зэрэг түгээмэл шинжтэй хуулиуд багтах бөгөөд аливаа зохиол бүтээл, туурвилыг эдгээрээс гадуур ойлгох боломжгүй юм.
Эрдэм шинжилгээний хэл найруулгын шаардлагыг товч ерөнхий байдлаар тоочвол:
• Мэдлэгийн ямар нэг хүрээнд хамааралтай байх.
• Өмнөх шинжилгээний баримт материалыг
авч үзэхгүйгээр шинэ зүйлийг гарган тавихгүй байх.
• Эрдэм шинжилгээний тогтсон нэртомъёог харгалзан үзэхийг чухалчилна.
Эрдэм шинжилгээний хэл найруулгад дараах онцлог бий юм.
Үгсийнсангийн онцлог:
• Шинжлэх ухааны зохиолд хэрэглэгдэх үгс бусад төрөлд багтдаг үгээс тоогоороо харьцангуй цөөн, бас нарийн мэргэжлийн үг хэллэг, нэртомъёо түгээмэл хэрэглэгддэг байна. Нэртомъёо нь голцуу нэрээр бүтсэн дан ба нийлмэл үгээс, мөн өгүүлбэрээс бүтнэ. Жишээ нь өгүүлэхүүн, аргазүй, авиа ондооших ёс гэх мэт
• Үгийн хэрэглэгдэх давтамж их.
• Гадаад үгийг их хэрэглэнэ. Жишээ нь: монгол хэлний дидактик, конструктив гэх мэт.
• Шинжлэх ухааны зохиолд хэргэлсэн зарим содон, оновчтой өгүүлбэр хэвшмэл хэллэг мэт хэрэглэгдэх нь бий. Жишээ нь “Нэг алхам ургаш, хоёр алхам хойш”, “Бага ч гэсэн Чанартай нь дээр” гэх мэт
• Эрдэм шинжилгээний хэл найруулгад уран сайхны үг, этгээд бүдүүлэг үг, хар ярианы төдийлэн ордоггүй.
• Аялга үг, хоёрдмол салаа утгатай үгийг хэрэглэгдггүй.
• Хийсвэр утгатай үг болон тоо баримт нэлээд хэрэглэнэ.
Хэлзүйн онцлог:
• Эрдэм шинжилгээний зохиолын найруулгад нэр үг, тэмдэг нэр, үйл үг их хэрэглэгддэг ажээ.
• Шинжлэх ухааны зохиолд үйл үгийг голцуу одоо цагийн хэлбэрээр, нэгдүгээр биеийн төлөөний үгийг олон тоогоор бичиж хэвшжээ. Жишээ нь: Бид энэ жишээ баримтад эргэлзэж байна. Ийм өвчин хүний хооллох дуршлыг бууруулдаг байна гэх мэт
• Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулгад хүүрнэх аястай олон гишүүнт энгийн өгүүлбэр голлодог. Эзэн биегүй өгүүлбэр нэлээд хэрэглэгдэнэ.
• Өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд оруулсан үг элбэг.
• Шинжлэх ухааны найруулгад өгүүлбэрийн гишүүдийн тогтсон дэс дараа болон догол мөрийн үүрэг их байдаг. Тухайлбал, нэг догол мөрт багтсан өгүүлбэрүүд нэгэн томоохон санааг гаргаж байна гэсэн үг юм. Энэ мэтээр эрдэм шинжилгээний найруулгад өгүүлбэрзүйн бусад олон онцлог бий.
No comments:
Post a Comment