Monday, April 4, 2016

Найруулга ба найруулга зүй

Найруулга ба найруулга зүй
Франц хэлэнд түгсэн грек хэлний stylos /үзэг хошуу/ гэдэг үг нийгмийн хэлний хөгжлийн явцад найруулга арга барил, маяг гэсэн утгатай болов. Өнөөдөр стиль буюу найруулга гэсэн мөнөөхөн үгийн утга нь 1-рт хэв маяг, 2-рт арга барил, 3-рт бичих ур чадвар, 4-рт зан араншин төрх, 5-рт найруулга гэсэн салаа утгыг ч үүсгэж байна. Найруулга гэдэг нэртомъёо нь хэлшинжлэлд дараах хэд хэдэн ухагдахууныг илтгэдэг.
    А. Хэлний бусад салбар шинжлэх ухаанаас /авиазүй, хэлзүй, үгийн сан/ ялгарч нийгэмд аж төрөх харилцааны хэрэглүүр болж уламжлагдсан арга барил бөгөөд энэ утгаараа дэлхийн олон хэлэнд дээд буюу эрхэмсэг хүндэтгэлийн, дунд буюу энгийн, доод буюу хар ярианы найруулга гэж гурав ангилдаг. Энэ гурван ангилал нь цааш өөр өөрийн онцлог салбар зүйлүүдтэй бөгөөд жишээ нь; ярианы найруулга гэхэд дотор нь боловсон яриа, хар яриа, мэргэжлийн яриа, этгээд яриа, бүдүүлэг яриа гэх мэтээр зүйлчилнэ.
   Б. Энэ нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд тогтож хэвшсэн бичих ярих арга барилын хэлбэрүүд буюу үүрэгт арга барил юм. Энэ ч утгаараа найруулгын төрөл гэсэн ухагдахуун бий болсон. Учир нь тодорхой нэг төрлийн харилцаанд тохирсон хэлний тодорхой найруулга хэрэглээнээсээ үүдэн бий  болох нь гарцаагүй. Ийм учраас албан бичгийн, сонин нийтлэлийн, шинжлэх ухааны, ярианы найруулга гэх мэт үүргийн найруулгын төрлүүд үүсч, мөн түүний үгийн сан, авиазүй, хэлзүй ч бие биеэс ялгарах онцлогтой болдог ажээ.
   В. Ярих илтгэх эсвэл бичиж нийтлэх тогтсон арга маяг гэж үздэг.
   Г. Тухайн хувь хүний ярих, бичих арга барилыг ч найруулга гэнэ. Өөрөөр хэлбэл нэрд гарсан зохиолч, нийтлэгч, уран илтгэгч нарын бичлэгийн барилыг судална гэсэн үг.
   Д. Хэлний аль нэг түүхэн цаг үеийн онцлогийг ч бас найруулга гэсэн ухагдахуунд хамааруулан үзэж байна. Жишээ нь: 18-р зууны монгол хэлний найруулгын онцлогийг Монголын нууц товчоо болон бусад бичгийн дурсгалаар тайлбарлан тодорхойлж болно.
   Найруулгыг ийнхүү олон янзаар авч үздэг ч гэлээ нийтлэг шинж бий. Найруулгын ямар ч ухагдахуунд хэлний хэрэглүүрийг харилцааны зорилго, мөн орчин нөхцөлд нь тохируулан сонгож хэрэглэх дүрэм журам буюу зарчим дэг байдаг. Тухайлбал, монголын сонгодог бичгийн хэлний албан бичгийн найруулга гэхэд мөр тэтгэх, мөр хоорондын зай тохируулах, зэрэг дэвд нь тохируулж хэвшиж тогтсон үгсийг ялгавартай бичих, үсгийн зурлагаар утга ялгаруулах гэх мэтээр тогтсон журам дүрэмтэй байжээ. Үүнээс үндэслэн найруулга гэдгийг түүхэн урт хугацааны турш тодорхой зорилго үүрэгтэй бүрэлдэн тогтсон, тухайн хэлнийхээ өвөрмөц онцлогийг тусгасан дэг жаяг, хэм хэмжээтэй, хэлний нэгжүүдийг аль болох зохистой хэрэглэж, хэлний хэрэглүүрийг зөв сонгосон, илэрхийлэх санааг товч, ойлгомжтой тодорхой өгүүлсэн, хэлний дотоод нэгдэл бүхий тогтолцоо гэж ойлгож болно. Найруулга зүй нь бичиг зохиолын хэлний найруулга болон бодгаль хүний өгүүлж бичих ур маягийг судлагдахуунаа болгодог хэлшинжлэлийн салбар ухаан юм. Хэлшинжлэлийн дэг болгонд найруулга зүйг янз бүрээр ойлгож тайлбарлаж байна.
   А. 20-р зууны 40-50-иад онд Америкийн байрлал хэлшинжлэлийнхэн бүтээврээс өгүүлбэр, цаашилбал цогцолбор догол мөр хүртэлх хэлний нэгжүүдийн байрлалыг найруулга зүй гэж үзсэн. Өгүүлж бичихүйд утгын талыг бус хэлбэр бүтцийн талыг тодорхойлох нь чухал гэж тайлбарладаг энэ дэгийнхэн хэлний нэгжүүдийн бүх байрлалыг орчинд нь тогтоохын тулд статистик аргыг хэрэглэнэ хэмээдэг.
   Б. Английн хэлшинжлэлийн дэгийнхэн эхийн хэлшинжлэл гэдгийг тодорхойлж, эх зохиох ерөнхий зүй тогтлыг найруулга зүй гэж үзэж байна. Тэд анх эхийг хэлзүйтэй холбож эхийн найруулга зүй гэдэг нэртомьёог дэвшүүлжээ.
   В. Прагийн хэлшинжлэлийн дэгийнхэн найруулга зүйг  эхийн хүрээнээс халиулж, гадаад дэд тогтолцоотой нь уялдуулан тайлбарладаг. Энэхүү дэгээр бичигч, өгүүлэгч хүн тухайн хэлнийхээ авиазүй, үгийн сан, хэлзүйн боломжийг урьдчилан сонгоод өөрийн санаа, өгүүлэх зорилгодоо нийлүүлэн ярих бичих үйлдлийг найруулга гэж үзсэн.
   Г. Найруулга зүй бол хэлийг хэрэглэх ерөнхий сургаал мэтээр тайлбарладаг үзэл онол бий. Энэ онол ёсоор өгүүлэгч бичигч хүн янз бүрийн нөхцөл байдалд тохируулан хэлээр харилцах арга барилыг судална гэсэн үг юм. Ийм найруулга зүйг ажил үйлийн найруулга зүй гэж үзэж байна. Ер нь прагматик онолыг үндэслэгч Пиерсе Мэдлэгийн агуулгыг практик үр дагавраар тодорхойлно гэж заасан байдаг.
   Д. Найруулга зүйг уран зохиолын хэл эсвэл суут зохиолчийн зохиолын хэлийг судлах ухаан гэж тайлбарладаг ба ингэснээрээ найруулга зүйг уран зохиолын хэлийг судлах туурвилзүйтэй холбодог байна.
   Е. Мөн сүүлийн үед хоёр өөр хэлний найруулах ур маягийг жишин судалж байгаа зэрэгцүүлсэн найруулга зүй хөгжиж байна. Энэ нь гадаад хэл сурах, сургах болон төрөл ба төрөл бус хэлний онцлог, угсаатны болон сэтгэцийн өвөрмөц талыг илрүүлж тайлбарлахад тустай. Иймээс ч найруулга зүй нь хэлшинжлэлийн салбар ухаан төдийгүй хэл сэтгэхүйн холбоо хамаарлыг судлах асуудлыг ч хөнддөг шинжлэх ухаан болжээ. Өнөөдөр найруулга зүйн шинжлэх ухааны судалгаа улам хүчтэй хөгжиж байна. Үүнд нөлөөлөх гол хэдэн шалтгаан нь:
1.      Найруулга зүйн судалгааны хүрээ нь хэлшинжлэлийн бусад салбараас өргөн хүрээг хамардаг. Тухайлбал найруулга зүйн дэд салбарууд болох авиазүйн найруулга зүй, үгзүйн найруулга зүй, өгүүлбэрзүйн найруулга зүй, үгийн сангийн найруулга зүй, эхийн найруулга зүй зэрэг нь шинээр үүсч судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж  байна.
2.      Найруулга зүй нь нийгмийн харилцааны бүх хүрээнд харилцааны гол хэрэглүүр болох найруулгыг судлах үндэс болсон бөгөөд соёлтой боловсролтой иргэн бүрийн хэрэгцээ сонирхлыг татаж байна. Найруулга зүй бол тухайн харилцааны зорилго нөхцөлд зохицуулан хэлний олон нэгжийг хэрхэн хэрэглэх, тухайн арга хэрэглүүрүүдийг яаж задлан шинжлэх, санаа бодол юм үзэгдлийг хэрхэн яруу тод, товч илэрхийлэх арга боломж болон түүний хэм хэмжээний тухай хэлшинжлэлийн салбар ухаан юм.
·         Хэлний дотоод нэгдэл бүхий тогтолцоо гэдгээрээ
·         Тухайн харилцаанд тохирох хэлний нэгжийг хэрэглэх гэдгээрээ
·         Санаа бодол юм үзэгдлийг тодорхой товч ойлгомтой өгүүлэх дээр найруулга ба найруулга зүйн ижил тал нь илэрч байдаг. Тэгвэл ялгаатай тал нь, найруулга түүхэн урт хугацааны туршид тодорхой үүрэг зорилгоор бүрэлдсэн байхад харин найруулга зүй нь хэлний аливаа нэгжийг хэрхэн  хэрэглэхийг судлах шинжлэх ухаан болон бий болжээ.
·         Найруулга нь тухайн хэлний өвөрмөц онцлог дэг жаяг хэм хэмжээ байдаг бол найруулга зүй нь үүнийг задлан шинжилж, тайлбарлах нийтийн хэрэглээ болгох зорилго бүхий шинжлэх ухааны арга гэж болно.
·         Найруулга нь хэлний хэрэглүүрийг зөв сонгож аль болох зохистой хэрэглэдэг практик үйл ажил бол найруулга зүй нь үүнийг зөв илэрхийлэх арга боломж, хэм хэмжээг судалдаг ухаан билээ.


No comments:

Post a Comment