Monday, April 4, 2016

Найруулгын төрөл

Найруулгын төрөл
   Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энхэүү харилцааны үүрэг нэг нэгээсээ ялгаатай. Эндээс л найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун ойлголт гарч ирнэ.
   Орчин цагийн монгол хэлний найруулгазүйн ухааны судалгааны хоёр гол хүрээ бол
1.       Хэлний найруулгын хэрэглүүр, түүнийг хэрэглэх арга
2.       Найруулгын төрөл буюу үүргийн найруулгазүй (функциольная стилистика) юм.
   Найруулгын төрлийн тухай  ухагдахуун хэлшинжлэлийн ухааны хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж ирсэн байна. Найруулгыг эртний Грек, Ромд уран илтгэх ухаан гэж ойлгож харинэртний Энэтхэгт хэл ярианы чимэглэлийг тодорхойлох эрдэм гэж тайлбарладаг тухай бид өмнө нь дурдсан. Тэгвэл дундад зууны үеэс найруулгыг уран зохиолтой холбон тайлбарлах болжээ. 17 зууны үед Орост найруулгазүйн ухааныг үндэслэгч М.В.Ломоносов найруулгыг дээд, дунд, доод гэж ангилсан онол гаргасан бөгөөд энэ онолын үндэслэл нь эртний уламжлалтай юм.

Найруулга ба найруулга зүй

Найруулга ба найруулга зүй
Франц хэлэнд түгсэн грек хэлний stylos /үзэг хошуу/ гэдэг үг нийгмийн хэлний хөгжлийн явцад найруулга арга барил, маяг гэсэн утгатай болов. Өнөөдөр стиль буюу найруулга гэсэн мөнөөхөн үгийн утга нь 1-рт хэв маяг, 2-рт арга барил, 3-рт бичих ур чадвар, 4-рт зан араншин төрх, 5-рт найруулга гэсэн салаа утгыг ч үүсгэж байна. Найруулга гэдэг нэртомъёо нь хэлшинжлэлд дараах хэд хэдэн ухагдахууныг илтгэдэг.
    А. Хэлний бусад салбар шинжлэх ухаанаас /авиазүй, хэлзүй, үгийн сан/ ялгарч нийгэмд аж төрөх харилцааны хэрэглүүр болж уламжлагдсан арга барил бөгөөд энэ утгаараа дэлхийн олон хэлэнд дээд буюу эрхэмсэг хүндэтгэлийн, дунд буюу энгийн, доод буюу хар ярианы найруулга гэж гурав ангилдаг. Энэ гурван ангилал нь цааш өөр өөрийн онцлог салбар зүйлүүдтэй бөгөөд жишээ нь; ярианы найруулга гэхэд дотор нь боловсон яриа, хар яриа, мэргэжлийн яриа, этгээд яриа, бүдүүлэг яриа гэх мэтээр зүйлчилнэ.

Орчин цагийн монгол хэлний найруулга зүйн судалгаа

Орчин цагийн монгол хэлний найруулга зүйн судалгаа
1956 онд Монгол бичгийн зарим асуудал гэсэн хэл шинжлэлийн сэтгүүлд Б.Ринчен, Ж.Бадраа, Ш.Гаадамба, Н.Жамбалсүрэн нарын өгүүлэл гарсан нь орчин цагийн монгол хэлний найруулга зүйн анхны шинжлэх ухааны шинжтэй бүтээлүүд байжээ. Үгийн сангийн найруулга зүйн асуудлыг хөндөж тавьсан дээрх өгүүллүүдийг Оросын Вопросы языкознаниясэтгүүлд гарсан найруулга зүйн маргаануудтай холбогдуулан бичсэн байлаа. Монгол хэлний найруулга зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бол эрдэмтэн Д.Отгонсүрэн билээ. Доктор, профессор Д.Отгонсүрэн үгийн сангийн найруулга зүйн чиглэлээр Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй  хэлзүйн найруулга зүйн чиглэлээр ОЦМХ-ний хэв байдлын дагаврын үүрэг, Монгол хэлний хэлзүйн найруулгын өгүүллүүд, Монгол хэлний үгзүйн найруулга зүй, эхийн найруулга зүйгээр Эх зохиох товч гарын авлага, уран зохиолын найруулга зүйгээр Д.Нацагдоржийн зохиолын хэл найруулга, уран сайхны онцлог, үүргийн найруулга зүйгээр Монгол хэлний найруулга зүй, Ярианы найруулга, соёл гэх мэт бүтээлүүдийг бичжээ. Мөн түүнчлэн доктор, профессор Ц.Сүхбаатар Монгол хэлний найруулга зүй, Монгол хэлний найруулгын төрөл, Эхийн найруулга зүй, Яруу өгүүлэх чадвар, Найруулга зүйн нэр томьёоны тайлбар толь зэрэг бүтээлдээ найруулга зүйн онол, үүргийн найруулга зүй, найруулах ур маягийн талаар ажиглалт судалгаа хийсэн.
   Сүүлийн үед доктор, профессор М.Базаррагчаагийн Монгол хэлний сүегэр нэгж ба найруулбарын тухай, доктор, профессор Б.Пүрэв-Очирын Монгол хэлний эх задлалын асуудлууд зэрэг зохиолууд нь монгол хэлний эх баримтанд түшиглэсэн, хэлшинжлэл, найруулга зүйн цоо шинэ онол, агуулгаар баяжсан бүтээлүүд болсон байна.

   Тэрчлэн БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны найруулга зүйч, хэлшинжлэлч, профессор Ө.Наранбат монгол хэлний найруулгазүйн талаар томоохон судалгаа хийсэн нь орчин цагийн монгол хэлний найруулгазүйн онолд чухал хувь нэмэр оруулжээ. Түүний бүтээлүүдийн нэг болох үгийн сангийн найруулга зүйн чиглэлээрх Монгол хэлний найруулга зүй номд үгийн сангийн найруулга зүйн аргыг өнгө зохицох арга, үгийн утга шилжих арга, үгийн утга ижилсэх арга, үгийн утга эсрэгцэх гэх мэт 10 гаруй ангилал болгож, үгээр ерөөн өгүүлэх арга, үгээр ёгтлон өгүүлэх арга, үгээр марзганан өгүүлэх арга гэх мэтээр зүйлчилсэн нь чухал ангилал болсон. Буриадын найруулга зүйч доктор Л.Шагдаров үүргийн найруулга зүйн чиглэлээр бичсэн номондоо Буриад хэлний үгсийг уран зохиолын буюу найруулга дахь уран яруу үгсийн салбар тогтолцоо, сургалт-шинжлэх ухааны буюу сургалт сурган хүмүүжүүлэхийн тогтолцоо гэж ангилаад номын үгсийг сэтгэл хөдөлгөх, дүрслэн илэрхийлэх өнгө аясгүй үг, шинэ үг буюу хуулбар орчуулгын үгс, тусгай нэр томьёо зээлбэр үгс, ярианы үгсийг ард нийтийн үг яриа, үл таашаасан бүдүүлэг үгс, эрээ цээрээгүй энхрийлсэн үгс, эрээ цээргүй бүдүүлэг үгс, харь ярианы үг, бүдүүлэг үг гэх мэтээр төрөлжүүлжээ